Wednesday, 25 April 2012

Ж.Энхбаяр: Н.Энхбаяр, С.Баяр хоёрын тавьсан асуудал аюултай. Яаж ч магадгүй...


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай уулзаж ярилцлаа.
-Та сая БОАО-гийн уулзалтад оролцоод ирсэн байсан. Уулзалтын үр дүн ямар байв?
-БОАО-гийн уулзалтын гол зорилго нь Азийн орнуудын эрх ашгийн нөлөөллийг дэлхийн эдийн засаг болон улс төрд ахиулах, Азийн эдийн засгийг дэлхийн тэргүүлэх эдийн засаг болгох зэрэгт гол нь төвлөрч ярьсан. Энэ жилийн тухайд БОАО-гийн уулзалт өөрөө эдийн засгийн шинэ сэргээн босголт, шинэ загвар, ногоон эдийн засаг, байгаль орчинд ээлтэй эдийн засгийн бүтцийг шинээр бий болгох нь өөрөө урт удаан хугацааны хөгжлийн бааз суурь болно гэдэг дээр тойрч ярьсан. Дэлхийн тэргүүлэх найман улсыг хорь болгох, үүндээ Азийн орнуудыг оролцуулах, дэлхийн хамгийн том зах зээлийг Азид бий болгох, Азид эдийн засгийн хэрэглээг бий болгох, хямралын дараах дэлхийн тэргүүлэх эдийн засгийн улс болгоход хамтран ажиллах талаар яриа, уулзалтууд боллоо.Мөн бид энэ томилолтоороо Хонконгийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцах, тэнд Монголыг сурталчилсан арга хэмжээ зохион байгууллаа. Үүнийг амжилттай сайн зохион байгуулж, тэндхийн биржийнхэнтэй уулзалт хийж харилцан ярилцсан. Монгол Улсын уул уурхайн бодлого, нийгэм, эдийн засгийн байдлын талаар санхүү-гийн мэдээллийг танилцуулсан. Товчхон хэлэхэд гадна талд Монгол Улсыг их сонирхож байна. Мөн уул уурхайн үнэт цааснууд нэлээд идэвхтэй арилжаалагдаж байна.Монгол орон Хонконгийн анхаарлыг татжээ гэдэг нь анзаарагдаж байсан. Монгол Улс өөрөө эндээс хөгжлийн шинэ шатанд гаргах, хөгжлийн томоохон бодлогыг үүнтэй уялдуулах юм бол эдийн засгийн эх үүсвэрийг олох бололцоо байна гэж бодсон. Хамгийн гол нь бид өөрсдөө бэлэн байна уу. Улс төрийн тогтвортой байдал, хөгжлийн концепцоо тодорхой болгох, холбогдох зах зээлийн хуулиудаа тодорхой болгох ийм шаардлага байгаа нь анзаарагдаж байлаа.
-Нийгмийн бодлогын байнгын хороо саяхан "Бороо гоулд"компанид хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх байлаа. Та эзгүй байсан болохоор хойшлуулсан. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ компанид хийсэн шалгалт ямар үр дүнтэй байв?
-Монгол Улс түүхэндээ анх удаа алтны үндсэн ордыг ашиглаад дуусч байгаа нь энэ. Бид 1800 тонн алтны орд буюу Оюу толгой ордын тухай ярьж байна.Харин "Бороо гоулд" компанийн хувьд 40 тонн, гол анхаарлын төв юм. Сургамж нь юу вэ гэдэг дээр бид голлон ажилласан.
-Сургамж нь тэгээд юу байв?
-Ашигт малмталын хууль маань лицензийн зохицуулалт дээр голлон анхаарч байгаа болохоос биш, уул уурхайн ол-бордолт боловсруулалт нөхөн сэргээлт зэрэг зүйлсийг дутуу орхигдуулсан. Иймээс энэ хуулийг нэн даруй боловсронгуй болгох хэрэгтэй юм. Ялангуяа үндсэн ордыг ямар стандартаар ашиглах вэ, нөхөн сэргээлтийг хэрхэн хийх вэ, химийн бодисын технологийн зохицуулалтыг яаж хийх вэ. Ялангуяа технологийн асуудал дээр Монгол Улс тодорхой шийдэл гаргах болжээ.Монгол Улс өөрөө технологийн сонголт хийх ёстой гэдэг дээр Засгийн газарт үүрэг өгөгдөж байна. Түүнээс гадна олон улстөрчдийн асуултад цэг тавих зорилт тавьсан. Тийм ч учраас ултай суурьтай хандахыг оролдлоо. Ялангуяа химийн бодисын алдагдал, бохирдлын асуудлыг шалгаж, олон улсын хөндлөнгийн багуудыг ажиллуулж, дээж шинжилгээнүүдийг хийлгэсэн .тэдний шинжилснээр ямар нэг хиймийн бодисын хордлого, алдагдал алга гэдгийг албан ёсоор нотолсон. Түүнчлэн "Бороо гоулд" компанийн усны ашиглалтын төлбөр хямдхан байсныг өнөөгийн ханшаар төлдөг болохоор шийдвэр гарсан.100 төгрөг байснаа 150 төгрөг болсон. Мөн тус компанийн дотоод ашигт малтмалын алтны нөөцийн хөдөлгөөнүүд нэлээд замбараагүй байсан. Үүнийг цэгцэлж дууслаа. Орд байсан зүйлийг орд бус хэлбэрт оруулсан зөрчлүүд илэрсэн. Олон кг алтны торгууль тавигдсан байгаа. Ууссан баяжмалын тонн гаруй алтны асуудал дээр маргаан байдаг. Ямартай ч тэр алтыг аваад үрчихээгүй нь тодорхой болсон. Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой олон кг алт гарч байгаа тэр асуудал дээр тус компани торгууль хүлээх болсон.
-Сүүлийн үед танай намын Бага хурлыг тойрсон асуудал анхаарал татаж байгаа. Та энэ хурлынхаа талаар ямар бодолтой байгаа вэ?
-Манай Бага хурал ардчилалтай. Өөрөөр хэлбэл МАХН ардчилалтай. Шинэ цаг үеэ мэдэрсэн, зөв байр суурь дээр байгаа гэдгээ нотолж чадсан.
-С.Баяр дарга ажлаа хүлээлгэж өгөх нь тодорхой байсан уу, эсвэл гэнэтийнх байсан уу?
-Гэнэтийнх байлгүй яахав. Өөрийн эрүүл мэндийн асуудлаас болж, маш эх оронч шийдвэр гаргасан гэж боддог. Нэг өдөр ч гэсэн цаг алдаж болохгүй, улс төрийн олон зүйл хүлээгдэж байсан учраас алсыг харсан маш сайн шийдвэр гаргаж, нийгмийн шаардлагад нийцсэн хариулт өгч чадсан гэж боддог.
-Намын дарга Ерөнхий сайд байна гэдэг дүрмийг дагаж шийдвэр гаргалаа гэж олон гишүүд үзэж байсан ч цаанаа өөр бодолтой байх шиг байсан...
-Энэ бол зарчим шүү дээ. Тоглоомын дүрэм. Манай намын Их хурал дээр баталгаажсан тоглоомын зарчим.
-Намын дэргэдэх жигүүрийг та хэрхэн хүлээж авдаг вэ. Албан тушаал горилогсод ч гэх, бас үнэхээр байх ёстой ч гэх үзэл бодлууд байдаг?
-Жигүүр, ашиг сонирхлын бүлгүүд, клубүүд байх ёстой гэж боддог. Ингэж байж нам өөрөө амьд байна. Дотооддоо өөрсдөдөө дүгнэлт өгдөг ийм бүтэц байх ньзөв. Намын дүрмээр байгуулагдсан байгууллага. Түүнээс биш хиймэл юм гарчихаад зүтгээд байгаа юм биш. Ярьж байгаа зүйлд нь зөв ч юм бий, буруу ч юм бий. Буруу зорилгоор ашиглагдаад эхэлбэл хүндрэх байх.
-Тухайлбал Ц.Даваасүрэн даргын тэргүүлж байгаа жигүүр ямар зорилготой байх шиг байна...
-Тавь тавин хувьтай байна. Зарим нь байна даа тусах л юм, зарим нь тусахгүй л юм.
-Бас шинэ жигүүр гарсан. Үүнийг та хэрхэн хүлээж авч байна вэ?
-Тэр залуучууд бодлогоо зөв тодорхойлоод намын дотоод ардчилалд тустайгаар намын ирээдүйн хөгжлийн шинэ шаардлагыг тусгасан үзэл бодлыг гаргаад, явбал дэмжих ёстой. Харин тэр нь албан тушаалд хүрэх гишгүүр буюу буруу загвар руу явбал үүнээс буруу юм байхгүй. Ер нь би жигүүрт эмзэглэдэггүй. Байж байх л ёстой.
-Хяналтын хорооны даргын илтгэл болоод түүнийг тойрсон асуудал юу болсон бэ?
-Сахилга бат алдаад байгаа гишүүддээ анхаарал тавьж байна. Би 1996 оноос хойш намын Бага хуралд сууж байна. Энэ хугацаанд намын Хяналтын хороо намын гишүүдийн сахилга батын асуудлыг нэр устай нь оруулж байгаа нь дэвшилттэй хэрэг. Харин арга барилын хувьд шүүмжлэлтэй хан-дах зүйл анзаарагдаж л байсан. Гэхдээ асуудлыг ярьж эхэлж чадаж байна гэдэг МАХН өөрөө зөв байгаагийн шинж юм.
-Намын Удирдах зөвлөлийг өөрчлөх тухай шүүмжлэл нь хэр бодитой байсан бэ?
-Жигүүрээс тавьсан тэр шаард-лага нь дүрмийн дагуу шийдэгдэх ёстой. Хяналтын хороо нь өөрөө Их хурлаар байгуулагддаг. Удирдах зөвлөлд Бага хурал захирагддаггүй. Их хуралд илтгэл болон тайлан тавих үүрэгтэй, хөндлөнгийн дотоод хяналтын байгууллага шүү дээ.
-Н.Энхбаяр даргын намын даргадаа гомдсон гомдлыг та юу гэж үзэж байгаа вэ?
-Н.Энхбаяр дарга нэг гомдол тавьчихсан. С.Баяр дарга зөрүүлээд хяналтын хороонд өргөдөл өгчихсөн. Яаж дүн гарах нь надад бас сонин байна. Энэ тохиолдолд энэ нь буруу, тэр нь зөв гэж хэлэх бололцоо байхгүй.
-Ер нь Н.Энхбаяр даргын тэр гомдол үндэстэй юу?
-Хүлээгээд гайхаад л харж байна. Хэрэв үндэс байсан бол Хяналтын хороо түүнийг нь шийдвэрлэж тогтоох ёстой.
-Хувь хүнийхээ хувьд та энэ асуудалд яаж хандаж байна.
-Намын ямар ч гишүүн намынхаа хяналтын хороонд хандаа,с гомдлоо барагдуулах эрхтэй. Харин хяналтын хороо энэ асуудлыг хурдан шийдээсэй гэж бодож байна. Битгий удааж ужгируулаасай гэж боддог.
-Намын дарга нэр дэвшигчийнхээ эсрэг ажиллах үндэс ер нь байх уу?
-Хэрэв надад ийм асуудал тулгарсан бол би бас яг энэ замаар явна. Гомдол тавина, шалгуулахыг хүсэх байх. Ямар нэг үндэстэй юм байх юм бол түүнийгээ тавиад л явна.
-Таны итгэл үнэмшил яаж төрсөн бэ. Арай үгүй байлгүй дээ гэж бодож үзсэн үү?
-Яг 50:50 хувийн байр суурьтай байгаа. Аль аль нь хазайх бололцоо байхгүй. Энэ бол аюултай. Яаж ч магад.
-Яагаад
-Учир нь тэр хоёр хоёулаа хариуцлагатай хүмүүс. Маш өндөр албан тушаал эрхэлж байсан хүмүүс юм. Бид үүнд оролцоод, үнэлэлт дүгнэлт өгөх нь утгагүй. Намын дүрмийн дагуу хяналтын хороо шийдэх ёстой.
-Намын шинэ даргадаа ямар дүн тавьж байгаа вэ?
-Өнөөгийн нийгмийн хүлээж байгаа хүн. Бид эдийн засгийн хувьд бие даах, тусгаар тогтнох энэ л шийдэл дээр хамгийн сайн тохирох хүн гэж боддог.
-Санал хураалтаар түүнийг 90-ээс дээш хувиар баталсан нь нэг таамаглалд хүргээд байна л даа. МАХН-ыг С.Баяр дарга удирдсан хэвээр байх юм биш үү гэж. Үүнийг та юу гэж харж байгаа вэ?
-С.Батболд шинэ нийгмийн шаардлага дээр бууж ирж байгаа юм. Тийм болохоор намын хамт олон түүнийг дэмжсэн. Түүнээс биш өв залгамжлаад энэ тэр болжбайгаа юм биш. Цоо шинэ хүнийг цоо шинэ цаасан дээр тавьж хараач гэж хэлмээр байна. Түүнийг шинээр харж, шинэ юм хүлээе. Хариуцлага нь ч шинэ байх юм.

О.БИЛЭГТ
2010 оны 4-р сарын 20, Мягмар гариг
Өдрийн сонин

No comments:

Post a Comment