Wednesday, 25 April 2012

Ж.Энхбаяр: МАХН эд тэндхийн эрээвэр хурааврыг цуглуулдаг хогийн сав биш


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай удахгүй болох гэж буй МАХН-ын Бага хуралтай холбоотой асуудлаар байр суурийг нь сонирхсон юм.
-Удахгүй хуралдах намын бага хурлаар их хурлаа товлох тухай асуудлыг С.Баяр дарга ярьж байсан. Намын жирийн гишүүний хувьд МАХН-ын их хурлыг яаралтай хуралдуулах цаг нь болсон гэж үзэж байна уу?
-Дүрмээр бол намын хурлыг дөрвөн жилд нэг удаа, аль эсвэл хоёр  жилд нэг удаа заавал хийнэ гэдэг томъёолол бий. Цаг хугацааны хувьд намын дарга энэ жил хийх ёстой гэсэн бол хийнэ. Уг нь манай намын нийтлэг жишгээр УИХ-ын сонгуулийн өмнө их хурлаа хийж байсан. Өнөөдрийн улстөрийн нөхцөл байдал, намын сонгуулийн амлалт, биелэлтийг хэлэлцэн шийдэх олон томоохон асуудлууд байна. Тиймээс энэ бүгдэд улстөрийн нам их хурлаараа шийдвэр гаргаж өгөх хэрэгтэй. Үүнд Үндсэн хуулийн өөрчлөлт, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэг-жийн өөрчлөлт, цаашлаад Монгол Улсын нийгэмд тулгамдсан олон цогцолбор асуудлыг нэгтгэн ярих шаардлага байгаа юм болов уу. Тийм нөхцөл байдалд намын их хурал зарлагдаж байгаа. Мөн намын их хурлаар намын даргын ажлын тайланг дүгнэн авч хэлэлцэнэ.
-Танай намын дарга эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа-саа чөлөөлөгдөнө. Бага хурлын дараагаар АНУ явж эмчилгээгээ үргэлжлүүлнэ гэдэг яриа байгаа. Энэ тал дээр та ямар тайлбар хэлэх вэ?
-Энэ талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан намын дарга эмчилгээ хийлгээд ирсэн гэж ойлгож байгаа. Одоо ажилдаа орчихсон байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. Буцаад явах талаар мэдсэн мэдээлэл алга. Бие нь гайгүй байгаасай гэж бодож явна даа.
-Бага хурлаар шат шатанд нь хариуцлага алдсан намын гишүүдтэй хатуу ярих тухай танай намын дарга мэдэгдсэн. Үнэхээр танай намд сахилга батын асуудал яригдах цаг нь болсон гэж та үзэж байна уу?
-Намын сахилга бат, гишүүдийн сахилгын асуудал зайлшгүй ярих ёстой сэдэв. Хамгийн гол нь намын нэрээр төрийн өндөр албанд ажиллаж байгаа хүмүүсээр дамжуулан, хэрхэн үүргээ гүйцэтгэж байгаа байдалд нь үнэлэлт дүгнэлт өгөх шаардлага гардаг. Тэр утгаараа намын нэрээр албан тушаалд очсон хүмүүс үүргээ хангалтгүй биелүүлдэг, түүнтэй холбоотойгоор намын нэр хүнд унаж байгаа жишээ манай намд олон бий. Тийм болохоор олон жил ярилцсаар байгаад чадаагүйгээ одоо хийх гэж байна л даа. Ер нь бол сонгуулиас хойш ярихаар болсон сэдвийн нэг энэ мөн.
-Сахилга хариуцлагын асуудлыг яриад тодорхой үр дүн гарах уу?
-Ярилцаад өнгөрөхөд үр дүн нь яаж гарахыг харъя л даа. Асуудал энэ чигээрээ байх юм бол улам л цаашаа лавширч, намынхаа том эрх ашигт  муугаар нөлөөлнө. Ялангуяа МАХН ийм эгзэгтэй агшинд Монгол Улсын төрийн тулхтай, улстөрийн хүчний хувьд сахилга хариуцлага гэдгийг өөрөөсөө эхлэх ёстой. МАХН л сахилгатай, улс орныг хөгжүүлэх хөгжлийн бодлоготой байж чадвал улс орон дэгтэй байна. Өнгөрсөн 20-р зуунд МАХН-ын гүйцэтгэсэн үүргийг хэн ч үгүйсгэхгүй. Тэр тусмаа 21-р зуунд шинэ нийгмийн тогтолцоонд шилжээд явж байгаа энэ үед бүхий л түвшинд МАХН манлайлах чадвараа хадгалах ёстой. Нийгэм ч үүнийг шаардаж байна. Нийгмийн энэ өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн тулд сахилга батын асуудлыг зайлшгүй тавих ёстой. Өнөөдөр нийгэмд хариуцлага, дэг журмын асуудал алдагдлаа гээд бухимдаад байгаа шүү дээ. Эхний ээлжинд нам дотоод асуудлаа шийд-чихээд дараа нь нийгмийн шаардлага гэдэг зүйл гарна шүү дээ.
-Намын гишүүнээс түдгэлзүүлэх үйлдэл гаргаж байгаа нь танай намыг шинэчлэгдэж байгаа гэхээсээ илүүтэйгээр хуучин арга барилтай нам гэдгийг чинь нийгэмд илэрхийлээд байгаа юм биш үү?
-Нэг юм хэлье. Хуучин нам гэж юуг хэлээд байгаа юм бэ? Хуучин нам гээд байгаа чинь нам шиг нам бай-сан. Өнгөрсөн хорин жилийг эргээд харахад нийгмийн хамгийн шилдэг тэргүүний сэхээтэн хүмүүс энэ намд элсдэг байсан. Асар өндөр босго, шалгууртай байсан. Энэ намын нэр хүндийг өргөж явна гэдэг бахархлын асуудал байсан юм шүү. Харин өнөөдрийн хувьд бид шинэ нийгэм сонголоо. Хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан, нээлттэй, зах зээлийн нийгмээр бид 20 жил явлаа. Тэгээд эргэж үр дүнгээ харах цаг болж байгаа юм болов уу. Өнөөдөр муулаад байгаа хуучин нийгмийн дэвшлээсээ улам л дор орчхоод байна шүү дээ. Тийм биз. Монгол улс шаардлагатай бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг дотооддоо хийж чаддаг байлаа. Гэтэл өнөөдөр юу билээ дээ. Монгол улсын боловсролын салбар тухайн үеийн тэргүүний гэсэн загвартай, монголын залуучууд шавж суд-лалаас сансар судлалын салбарт гарч ирж чадаж байсан. Эрүүл мэндийн тогтолцоогоо бод. Бүх нийтээрээ бичиг ycar-Taii, хөгжиж байгаа орон гэгдэж байлаа. Одоо энэ бүхнийг эргээд харахад ямар байна. Нийгмийн хэдэн хувь нь ядууралтай байгаа билээ дээ. Тэгэхээр нийгэмд юуг ч гоё ярьж ямар ч сайхан үгээр халхавчилж болно. Гол нь нийгмийнхээ суурь зорилтод хүрч байна уу гэдгээ бодох хэрэгтэй. Тийм учраас өнгөрсөн бүхий л асуудал хуучин гэж хэлээд байгаа МАХН-тай холбоотой гэдгийг бас бодох ёстой шүү.
-Аливаа нам гишүүнчлэлгүй бол оршин тогтноход бэрхшээлтэй. Гэтэл танай нам гишүүддээ хариуцлагын асуудал ярина гэдгээр асуудалд хандаж боломгүй санагдах юм. Магадгүй танай намд элсэх шинэ үеийнхэнд энэ үзэгдлээс болоод цэрвэх байдал гарна гэж эмээхгүй байна уу?
-Харин ч үүнээс болоод цэрвэж байгаа бол сайн шүү дээ. Энэ намыг хогийн сав болгож болохгүй. Энд тэндэхийн эрээвэр хурааврыг ч цуглуулдаг газар биш. Харин хариуцлага тооцдог, үүнээс айсан хүмүүс цэрвэдэг нам байх хэрэгтэй. Биеэ засаад гэрээ зас гэдэг. Биеэ засч чадаагүй хүмүүс намын ажил руу ороод улстөрч болно гэж юу байх вэ. Тэгэхээр нам гэдэг маань сахилга хариуцлагын хувьд өндөр байх ёстой. Тийм болохоор энэ нь хоцрогдсон арга барил гэж харагдаж байгаа бол би ч тэр хоцрогдсон арга барилын талд байна гэдгээ хэлье.
-Тэгэхээр энэ үг тавь МАХН-ыг шинэчлэгдэж байна гэдэгт эргэлзээ төрүүлээд эхэллээ?
-Шинэчлэл гэдэг чинь юу гэсэн үг вэ. Хуучин сайн зүйлээ үгүйсгэнэ гэдэг үг биш шүү дээ.Намын шинэчлэл гэдэг
чинь нэг хүний тухай асуудал биш юм. Өнөөдөр намын их хурлаар сонгож байгаа бага хурал, бага хурлаас бий болж байгаа удирдах зөвлөл шийдвэр гаргаж байгаа асуудал дээрээ цоо шинэ зарчмын үүднээс өөр өнцгөөс харах хэрэгтэй. Өнөөдрийн    дэлхий нийтийн удирдлагын  систем хамтын зарчим руу шилжчихээд байна шүү дээ. Өөрөөр хэлбэл манай намд дутагдаад байгаа зүйл нь хамтын  шийдвэр юм. Нөгөө талаар Монголд улстөрийн хоёр том хүчин бий. Өнөөдрийн хувьд хаана нь залуучуудын масс илүү байна вэ гэхээр МАХН-д байна. МАХН залуучуудыг улстөрд орох бололцоог хамгийн өргөн утгаар нь нээж өгч байна. МАХН-аас хамгийн олон залуус улстөрийн үйл ажиллагаанд оролцож байна. Бас хамгийн олон залуучуудыг төрийн байгууллага, намын байгууллагад ажиллах бололцоог хангаж өгч байна. Шинэ залуу үеэ зөв авч яваа нам бол МАХН. Нэгэн үе АН-ын залуучууд МАХН-ын ахмадууд гэдэг байсан бол одоо энэ үг байраа сольжээ. Энэ тэгвэл шинэчлэл биш гэж үү.
-Харамсалтай нь таны хэлээд байгаа МАХН-ын залгамж үе нэр хүнд муутай шүү дээ?
-Энэ чинь л амьд байгаагийн жишээ шүү дээ. Юм хийж байгаа юм чинь шүүмжлэл хаана ч гэсэн өрнөдөг.
Монгол Улсын бүх сум баг хороонд хүрч ажиллаж, хөдөлмөрлөж байгаа 50-60 мянган залуучуудыг багтаагаад эрх ашгийг нь нийгэмд илэрхийлээд явж байна шүү дээ. Намын дэргэдэх байгууллагын хувьд дүрмийнхээ дагуу албан ёсны бүтэцтэй. Бүтцээрээ дамжуулаад намын бага хуралд дуу хоолойгоо илэрхийлдэг. Эндээс улстөрд гарч ирж өрсөлдөх бололцоотой. Үүгээрээ дамжуулаад монголын залуучуудын дуу хоолойг илэрхийлдэг бүтэц систем МАХН-д байна. Энэ олон мянган залуучууд дотор сайн ч хүн байна саар ч хүн байна. Тэр болгон нь бидэнд наалдаж байгаа нь үнэн. Үүнийг үгүйсгэх арга алга. Ингэлээ гээд гутрах ч юм алга. Энэ бүхнээс сургамж авч дотоод зохион байгуулалтаа сайжруулан, улам чамбайруулах хэрэгтэй. Намын сахилга батын асуудлыг чангатгах, гишүүдийнхээ шалгуур босгыг өндөрсгөх чиглэл рүү бид явж байна. Үндсэндээ сүүлийн 10-аад жил энэ сэдэв хүчтэй яригдлаа. Тиймээс сэдэв болоод байна гэдэг чинь цаад утгаараа юм сонирхолтой болохоор л гарч ирээд байна гэсэн үг. Юм хийдэггүй ч юм уу, нийгэмд ажиллахгүй байгаа бол хэн ч сонирхохгүй биз дээ. Бид ямар ч байсан алдаж, оноод хатуужиж, хэрсүүжээд явж байна.
-Танай намын дүрмээр намын дарга Ерөнхий сайд байна гэдэг заалт бий. Үүнд өөрчлөлт оруулах цаг болсон гэсэн бодолтой жирийн гишүүд олон байгаа. Энэ тал дээрх таны байр суурь?
-Мэдэхгүй байна. Дүрмийн өөрчлөлт хийх эрх нь их хуралд байгааг үнэхээр эрүүл мэнд нь хүнд, ажил хийх бололцоо байхгүй бол заавал ажил хий гэж шахах эрх байхгүй шүү дээ. Гэхдээ тодорхой бус шалтгаанаар асуудлыг улстөрийн зорилгоор ашиглах нь зохимж муу-тай л сонсогдож байна.
-Гэхдээ эрүүл мэндийн шалтгаанаар намын дарга ажлаа өгвөл дараагийн лидер гэж тодотгох хүн гэвэл МАХН-аас хэнийг нэрлэх вэ?
-МАХН-ын олон мянган гишүүд дотор дарга болох хэмжээний лидер олон байгаа шүү дээ. 50-60-аад оныхноос лидер хийх чадвартай хүмүүс ч олон байна. Харин манай үеийнхэн арай болоогүй ээ. Үе үеэрээ л байх хэрэгтэй. Тэгээд ч манай үеийнхэнд ийм улстөрийн сонирхол ч алга. Энэ асуудлыг намын хамт олон шийдээд дотроосоо хүнээ төрүүлдэг жам ёстой. Тэгээд хэн нь илүү байна, хэн нь өнөөдрийн нийгмийг зөв талаас нь харж чадаж манлайлал төрүүлж байгаа хүн улс орныг урагш нь авч явах улстөрч байж чадна.
-Гэхдээ л МАХН нэг л тийм мөлгөр, амьгүй болчхоод байгаа шүү дээ. Улстөрийн зоригтой шийдэл энэ тэр алга байна шүү дээ?
-Нэг талаараа надаас хурц юм шаардаж, нөгөө талаасаа мөлгөр гэж шүүмжилж байна. Гэхдээ өнөөдөр дэлхий ертөнцийн удирдлагын арга барил нэг хүнийг тахин шүтэхээ больсон. Ардчилсан бүх улс орон нэг хүний засаглалаас татгалзаж байна. Нэг хүнийг ч засаглалд удаан байхыг хориглодог. Нэг хүнээс биш багийн  системийн хэлбэрт засаглал орж байна. Баг асуудлыг олон талаас дотоод ардчилалтай, шуурхай шийдэж  байдаг. Даргын зүгээс бүх юм шийддэг цаг үе биш болсон. Өнөөдрийн системд хэн нэг нь гараад тасралтгүй
дарангуйлдгаараа хол явахгүй. Нийгэм ч өөрчлөгдөж байна. Хэн сайн зохион бай-гуулах чадвартай, олны итгэлийг авч чадаж байна, хэн илүү төсөөллийг бий болгож чадаж байгаа баг л улс орныг авч явж чадна. Тийм цаг ч ирж байгаа юм болов уу.
-Тэр баг гээд байгаа нь тодруулах юм бол танай баг уу?
-Манай баг гэж хэн билээ.
-Танай баг гэдэг нь нэр бүхий залуу гишүүдийг хэлж байна?
-Манай баг энд арай бэлэн болоогүй. Бид улстөрийг харж, суралцаж байна. Тиймдээ ч ямар нэгэн амбиц байхгүйгээр бүх юмнаасаа татгалзсан. Цагийн юм цагаараа болох байлгүй дээ.
Б.Туяацэцэг
2010 оны 4-р сарын 07, Лхагва гариг
Өглөөний сонин

No comments:

Post a Comment