Thursday 26 April 2012

Н.Алтанхуяг: СОНГУУЛЬ БУДЛИУЛАХ БҮЛЭГ ХҮН АРДЫН НАМ ДОТОР АЖИЛЛАЖ БАЙНА


-Цахим үнэмлэх будлиулсан буруутныг шалгана гэв-

Иргэд ирэх сонгуулиар хэрхэн санал өгөх тухай гишүүд дөрвөн цаг хэлэлцэв. Ямар боловч УИХ-ын ээлжит сонгууль ирэх зургадугаар сарын 28-ны пүрэв гаригт болох нь тодорхой болжээ. Мөн сонгуулийг зохион байгуулахад 16.8 тэрбум төг¬рөг зарцуулахаар болсон байна. Энэ тухай саналаа Сонгуулийн ерөнхий хороо Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулсан юм. Гишүүд энэ саналыг хүлээн авч сонгууль болох өдөр, зарлагадах төсөв нь ч тодорхой боллоо. Харин иргэд хэрхэн санал өгөх, саналын хуудсыг яаж тоолох, дүн үнэн зөв гарах, сонгууль будлиангүй болох эсэх нь эргэлзээтэй үлдлээ. Санал тоолох автомат машинд УИХ-ын гишүүд ч итгэх¬гүй байгаа.
АНУ-ын хэд хэдэн мужийн сонгуульд алдаа зааж байсан автомат машинд гишүүд эргэлзэж байлаа. Иймд саналын хуудсыг гараар давхар тоолох ёстой гэж үзэх нь ч байна. Санал тоолохоос илүү иргэд яаж саналаа өгөх вэ гэдэг асуудал дагуулаад байна. Иргэдийг цахим үнэмлэхжүүлэх ажил сонгуулиас өмнө амжихгүй нь нэгэнт тодорхой болсон. Үнэмлэхний бэлдэц нийлүүлэх компани хугацаандаа амжихгүйгээ удаа дараа мэдэгдээд буй. Тэгэхээр иргэд сонгуулиар саналаа хэрхэн өгөх тухай гишүүд ярихаас илүү цахим үнэмлэх хэвлэх ажлыг саатуулсан буруутныг хайцгаав. Цахим үнэмлэх хэвлэх ажилд нийт 34 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Энэ их мөнгийг салхинд хийсгэсэн буруутныг тог¬тоохын тулд шүүхээр шалгуулах санал гаргав. Энэ ажилтай холбоотой Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хо¬роо, “Бодь интернэшл” компанийн төлөөллийг Төрийн байгуулалтын байн¬гын хорооны хуралд оролцуулсан юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж салбар хариуцсан хүний хувьд цахим үнэмлэхний талаарх мэдээллийг байнгын хорооны гишүүдэд өгөв. Байдал нэгэнт тодорхой болсон тул иргэд хуучин үнэмлэхээрээ сонгуульд оролцоно гэдгийг сайд хэлэв. Харин зарим гишүүн цахим үнэмлэх ашиглахгүй бол хэдэн тэрбумаар нь мөнгө зарцуулж шинэчилсэн бүртгэл хийсэн учир хурууны хээгээр санал өгөх ажлыг зохион байгуулъя гэсэн юм. Гишүүд янз бүрийн санал хэлсэн ч байнгын хорооноос шийдвэр гаргасангүй. Цахим үнэмлэх хэвлээд тараасан ч сонгуульд шууд ашиглаж болохгүй гэнэ. Сонгуульд ашиглах тусгай програм дахин суулгах ёстойг цахим үнэмлэхийг хэвлэх ажлыг зохион байгуулж буй “Бодь интернэшнл” ком-панийн гүйцэтгэх захирал Н.Нацагдорж хэллээ.

Н.Нацагдорж:
-Цахим үнэмлэх унших төхөөрөмж маш өндөр үнэтэй, өндөр нууцлалтай байна. Дэлгүүрийн лангуун дээрээс худалдаад авчихгүй, нийлүүлж буй компани зөвхөн манай улсад зориулж үйлдвэрлэнэ. Дэлхийн хаана ч давтагдахгүй. Хэдий өндөр нууцлалтай ч одоо өөрчилж болно. Гэхдээ сонгуульд ашиглаж амжихгүй.

Н.Алтанхуяг:
-Ийм юм болно гэдгийг би мэдэж байсан. Би ер нь юмыг урьдчилан мэддэг болоод байгаа. Би энэ ажлыг хариуцаж байх¬даа комисс байгуулж машины мотор мэддэг хүмүүсийг оруулсан ч Ц.Нямдорж сайд, УБЕГ-ын дарга Л.Амарсанаа нар хассан байна.
 
Ц.Нямдорж:
-Би техник мэддэггүй хүн. Дэлгүүрийн лангуун дээр байдаг зүгээр нэг хямдхан эд болгох вий гэж анхааруулсан. Бүртгэлийнхэн энэ ажилд оролцох хуулийн орчин байхгүй. Манай бүртгэлийнхэн ямар ч ажилд хуулийн дагуу оролцох болно.
 
Н.Алтанхуяг:
-Ц.Нямдорж оо, хоншоортой байгаад буруугаа хүлээчих.
 
З.Энхболд:
-Хэний буруугаас энэ ажил саатсаныг шүүхээр шалгуулчих. Яагаад сонгуулийн ажлыг хойш чангаасныг тодруулах ёстой.
 
Ц.Нямдорж:
-Тэгвэл ийм шийдвэр гаргасан УИХ-ын гишүү¬дийг бүгдийг нь шалгах ёстой.
 
Ч.Сайханбилэг:
-Одоо ийм юм ярьж байхаар дараагийн ажилдаа орох хэрэгтэй. Бид яах гэж шинэчилсэн бүртгэл хийсэн юм бэ. Түүнийгээ ашиглая. Иргэд хурууны хээгээр санал өгдөг болъё. Тийм боломж байгаа. Энэ бол сонгууль будилахгүй байх гарц.
 
Ц.Нямдорж:
-Нэг юмыг тодорхой хэлье. Сонгууль болно, иргэд хуучин үнэмлэхээр санал өгөхөөр боллоо гэдгийг мэдэгдэх ёстой.
 
Н.Алтанхуяг:
-Ямар их хөрөнгө зарцуулж шинэчилсэн бүртгэл явуулсан билээ. Түүнийгээ энд ашиглая гэхээр үгүй гэдэг ямар учиртай юм бэ. Цахим үнэмлэхийг хошин шог болголоо. Хурууны хээг дашин шог болговол ёстой бослого гарна шүү гэв.

Н.Алтанхуяг:

ХУРУУНЫ ХЭЭГЭЭР СОНГУУЛЬ ЯВУУЛАХГҮЙ ГЭВЭЛ 2008 ОНЫХ ШИГ БУЛХАЙТАЙ БОЛНО
АН-ын дарга Н.Алтанхуягаас Байнгын хорооны хурлын дараа зарим зүйлийг тодрууллаа.
-Иргэний цахим үнэмлэх бүтэхээргүй болсон нь МАН-ын сонгууль будлиантуулах гэсэн санаатай үйлдэл гэж та байнгын хорооны хурал дээр нэлээд бухимдалтай байсан?

-Сонгууль будлиулж байгаа гурван зүйл байна. Нэгдүгээрт, иргэний цахим үнэмлэхгүй байлгахын тулд төрөл бүрээр оролдож байна. Хоёрдугаарт, иргэний хурууны хээг авахгүй байхаар Ц.Нямдорж зүтгэж байна. Хуучин үнэмлэхээр нь өгүүлье гэж байгаа. Мөн саяхан Иргэний бүртгэлийн газрыг бүтцийн өөрчлөлт хийгээд мэддэг, чаддаг хүмүүсийг нь халчихсан. Энэ дөрвөн зүйлээс харахад сонгуулийг 2008 оных шиг будлиулах гэсэн хэсэг бүлэг хүн Ардын нам дотор ажиллаж байна. Ядаж хурууны хээгээр сонгууль явуулахгүй гэвэл энэ сонгууль 2008 оных шиг булхайтай болно.

-Иргэний бүртгэл, ца¬хим үнэмлэхтэй холбоотой асуудал Тэргүүн шадар сайдын харъяанд байсан. Ингэхэд гурван жил гаруй хариуцаж байсны хувьд та энэ бүхнийг мэдэж байгаагүй юм уу?

-Одоо ярьж байгаа маргаан тэр үеийн асуудлыг яриагүй. СЕХ нэг машин худалдаж авсан чинь энэ маань иргэний үнэмлэхийг уншиж чадахгүй болж таарсан. Хэн нь ямар үзүүлэлттэй машин авсан юм бэ, хэн хэлсэн юм бэ гэдэгт маргаж байгаа юм.

-Тэр нь таны үед хамааралгүй юм уу?

-Би байхдаа энэ бүхэнтэй холбоотой багийг нэг болгочихсон байсан юм. Сонгуулийн ерөнхий хороо, Иргэний бүртгэлийн байгууллагын багийг нэг болгоод тэр тоног төхөөрөмжүүдээ худалдаж ав гэж хэлсэн. Миний дараа Л.Амарсанаа үүрэг гүйцэтгэгч байхдаа манай иргэний бүртгэлийн байгууллага ийм юманд оролцохгүй гээд хүмүүсээ татчихсан. Тэгэнгүүт СЕХ нь дангаараа машин худалдаад авчихсан. Гэтэл Иргэний бүртгэлийн газар нь манай юмыг уншиж чаддаггүй машин байна гэдэг асуудал үүсээд байгаа юм.

-Н.Алтанхуяг өөрөө бүх асуудлыг гурван жил хариуцчихаад дараа нь өөрөөсөө бултуулах гэж ингэж байна гэж дүгнэх хүмүүс бас бий?

-Тийм зүйл байхгүй. Би бүх ажлаа хүлээлгээд өгчихсөн. Он сар нь ч тодорхой байгаа.

М.ГАН Зууны мэдээ

No comments:

Post a Comment