Thursday 26 April 2012

Б.Болор: Би нутагтаа нэр дэвших хүсэлтээ намдаа илэрхийлсэн


Гадаад харилцааны дэд сайд асан, Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Болортой ярилцлаа.
- Ардчилсан нам залуучуудаа дэмжих хандлага бага байна гэсэн зүйл харагдаад байдаг. Та Ардчилсан Залуучуудын Холбоог тэргүүлж яваа хүний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай явдаг вэ?
- Ардчилсан намын чиг хандлага нь бусад намуудаас өөр юм. Ерөнхийдөө залуусыг өөрийн хүчээр амьдрах ёстой гэсэн зарчмыг баримталдаг бөгөөд бид улс төрөөс хамааралтай амьдардаг байдлыг зогсоохыг хүсэж байгаа юм. Өнөөдөр зарим залуус улс төрд орохоор амьдрал нь дээшилдэг гэж ойлгодог. Харин тийм биш гэдгийг Ардчилсан нам хэлж байгаа юм. Бас нэг том шалтгаан бол 2000 оноос хойш Ардчилсан нам сонгуульд ялалт байгуулаагүй. Ийм учраас магадгүй олон жил эрх барьсан МАН-ыг бодвол манай нам залуучуудаа дэмжих тал дээр сул харагддаг байж магадгүй.

- Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намын залуус хэрхэн оролцох вэ?
- Энэ жилийн сонгууль их онцлогтой. Монгол Улс эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн ирмэг дээр ирсэн байна. Тэгэхээр энэ сонгууль улс орны хөгжлийг тодорхойлох түүхэн том сонгууль болно. Өнөөгийн сонгуулиар хувь хүний мөрийн хөтөлбөр гэж байхгүй, зөвхөн намын нэгдсэн бодлогыг ярина. Ардчилсан намаас маш олон залуус сонгуульд нэр дэвшихээр бэлтгэлээ хангаж байна. Манай холбоо орон нутгийн сонгуульд түлхүү анхаарал хандуулж байгаа. Үүний дагуу Ардчилсан Залуучуудын Холбоо нийслэл, аймгуудын Ардчилсан намуудтай гэрээ байгуулсан. Гэрээний дагуу орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн 50-иас доошгүй хувь нь залуучууд байхаар тогтсон.

- Танай нам хоёр сонгуулийг цуг явуулна гэсэн саналыг анх өгсөн. Таны нэг ярилцлага дээр орон нутгийн сонгуулийг намар явуулах нь залуучуудад халгаатай байдаг гэсэн зүйлийг ярьсан байсан. Үнэхээр тийм байдаг уу?
- Сонгуулийг цуг явуулах нь зөв шийдвэр. Энэ нь нэгдүгээрт ирцийн асуудал байгаа юм. Зургаан сард сонгууль 70-80 хувийн ирцтэй явагддаг. Харин орон нутгийн сонгуульд иргэд, сонгогчдын оролцоо байдаггүй. Өмнөх туршлагаас харахад орон нутгийн сонгуульд ирц хүрэхгүй байх тохиолдол гарч байсан. Тиймээс хамтад нь явуулах нь зөв гээд байгаа юм. Мөн зардлыг их хэмжээгээр хэмнэж чадахаас гадна улс төрийн намуудын хувьд сонгуулийн сурталчилгааг нэг л удаа хийх юм. Ер нь бол дэлхийн олон улс оронд парламентын болон орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулдаг жишиг бий. Ялангуяа Европын холбооны улсуудад ийм байдлаар сонгуулийг явуулдаг юм билээ.

- Энэ нь УИХ-д нэр дэвшээд сонгогдоогүй тохиолдолд орон нутагт дахин дэвших байдлыг хаасан юм биш үү?
- Ер нь бол тийм. УИХ-д сонгогдоогүй бол орон нутагт дахин өрсөлддөг байдал урьд жилүүдэд гарч байсан.

- Ардчилсан Залуучуудын Холбоо онлайн хэлбэрээр залуусын саналыг авч байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
- Өнөөдөр Монгол Улсад тэр дундаа залуучуудын хүрээнд цахим ертөнц асар хурдацтай хөгжиж байна. Үүнийг бид ашиглах ёстой. Хурлын зааланд хүмүүс суулгаад ихээхэн зардал чирэгдэл болж байхаар онлайныг ашиглавал зөв юм гэж үзсэн. Манай холбооноос одоогийн байдлаар 4 удаагийн “Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлэгийг цувралаар хийгээд байна. Хэлэлцүүлэгт давхардсан тоогоор 12 мянга гаруй хүн дотоод гадаадаас оролцож санал бодлоо солилцсон бөгөөд хэлэлцүүлэгт оролцсон залуучуудаас ирсэн саналууд манай “Монгол залуу хүн-2020” хөтөлбөрт тусгалаа олж байна.

- Энэ жилийн сонгуулийн хууль их онцлогтой байгаа. Сурталчилгаа зэрэг зүйлүүдийг хориглосон. Гэвч хууль зөрчсөн асуудлууд олон гарч байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? Таны хувьд энэ асуудлаар олон зүйлийг ярьж байсан.
- Ер нь сонгуулийн хууль зөрчигдөж байгаа олон асуудал гарч байна. Нэг жишээ дурдахад салбарын тэргүүнийн ажилтан гэсэн шагналыг замбараагүй тарааж байгааг олон хүн хэлж байгаа. Энэ нь эргээд тухайн хүн олон жил салбартаа үр бүтээлтэй ажиллаж, ном ёсоор нь шагналаа авдаг байдлыг үнэгүйдүүлж, шагналын үнэ цэнийг унагаж байгаа юм. Мөн Архангай аймгийн Эрдэнэмандал суманд дотроо мөнгөтэй түрийвч тарааж байна гэсэн. Үүнийг баримтжуулах шаардлагатай юм. Мөн би нэг зүйлийг энд онцолж хэлмээр байна. Хөдөө орон нутгаар “Ирээдүйн мянгат малчин” гэдэг шагнал гардуулаад яваад байна. Энэ шагналаар шагнагдсан зарим орон нутгийн залуучууд шагналаа авахаас татгалзаж байгаагаа хэлж байсан. Ичиж байгаа учраас гэсэн. Төрийн хуулийг ингэж л уландаа гишгэж байна шүү дээ. Харин Ардчилсан Залуучуудын Холбоо болон Ардчилсан намын хувьд сонгуульд хуулийн хүрээнд оролцоно.


- Таны хувьд дэд сайдын албыг хашиж байсан. Тэр ч утгаараа сонгуульд нэр дэвших байх гэж хараад байгаа. Энэ тал дээр хариулт өгвөл?
- Миний хувьд нэр дэвшихээ намдаа илэрхийлсэн байгаа. Эцсийн шийдвэрийг нам гаргана. Ардчилсан намын хувьд сүүлийн 22 жилд ганц удаа л олонх болж засаг барьсан. Бусад үед МАН засгийг удирдаж байсан. Тиймээс энэ жилийн сонгуульд Ардчилсан нам түүхэн ялалт байгуулах ёстой. Ялалт байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна.

- Гадаад харилцааны дэд сайд байсан хүний хувьд асуухгүй өнгөрч болохгүй нэг асуулт байна. Энэ нь Б.Хурцын асуудал юм. Таныг Б.Хурцыг суллахад ямар үүрэг гүйцэтгэсэн бэ гэдэг үйл явц тодорхой биш байдаг. Нууц биш бол энэ талаар тайлбар хийвэл?
- Ер нь бол Засгийн газраас үүрэг авсан. Түүнээс Б.Болор гэдэг хүнд хувь талаас нь хандах үндэслэл байхгүй. Ажлын хэсгийг би ахалж ажилласан юм. Манай ажлын хэсэг үүргээ л биелүүлсэн. Тухайн үед нийтэд дэлгэж болохгүй зүйл олон байлаа. Манай өндөр дээд албан тушаалтныг Англид явж байхад нь баривчилсан. Ийм л хэрэг болсон. Нөхцөл байдал хүнд байсан. Тиймээс Б.Хурц их зүйлийг давж туулж гарсан гэж хувьдаа дүгнэдэг.

- Монголын залуусаас ардчилсан үзэл баримтлалыг дэмждэг олон залуус байгаа. Эдгээр залуус Ардчилсан Залуучуудын Холбооны эгнээнд элсэхийг хүсвэл хаана хандах вэ. Намын гишүүнчлэл болоход шалгуур тавигддаг. Танайд ийм зүйл байгаа юу?
- Манай холбооны хувьд гишүүнчлэл нээлттэй. Гэхдээ би хувьдаа хатуу гишүүнчлэлийг эсэргүүцдэг. Дэмжигч байж болно. Хамгийн гол нь энэ том улс төржилт гэдэг юмнаас залуучуудыг холдуулмаар байгаа юм. Залуучууд өөрсдийн чадлаар ажиллаж, амьдардаг, улс төрөөс шалтгаалдаггүй нийгэм рүү л бид ормоор байна. Харин ийм нийгмийг бий болох нь улс төрчдийн үүрэг гэж боддог.

- Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Л.Тамир
Olloo.mn

No comments:

Post a Comment