Wednesday, 25 April 2012

Ж.Энхбаяр: Манайд Оюутолгойг хянах нэг ч мэргэжлийн боловсон хүчин алга


-«Бороо Гоулд» компани 500-600 килограмм алтыг ашиглах нөхцөлгүй болгосон-
Үндсэн ордоос олборлолт явуулах туршлага, тогтвортой байдлын гэрээний сургамж юу болохыг тодруулахаар УИХ «Бороо Гоулд» компанийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсгийг өнгөрсөн оны зургадугаар сард байгуулсан юм. Уг ажлын хэсэг энэ хугацаанд хэд хэдэн удаа хуралдаж, тус компанийн үйл ажиллагаа, тогтвортой байдлын гэрээтэй холбоотой зөрчил, дутагдлыг илрүүлэн, залруулахыг нь залруулжээ. Харин саяхан сүүлийн хуралдаанаа хийж, дүгнэлтээ гаргахад бэлэн болсон байна. 40 тонн алттай үндсэн ордыг анх удаа ашиглахад ямар туршлага, сургамж үлдэж байгааг ажлын хэсгийн ахлагч Ж.Энхбаяраас тодруулав.
-«Бороо Гоулд»-ын ажлын хэсгийн дүгнэлт гарч байгаа юм байна. Ямар үр дүн гарав?
-Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байгаа «Бороо Гоулд» компанид хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн хийхээр есөн чиглэл өгсөн. Энэ чиглэлүүдээ аваад нэгтгээд дуусч байна.
Үр дүн гарсан. Алтны шороон ордууд нэлээд тодорхой боллоо. Ашиглахгүй болгосон шороон ордуудаа олж авсан. Алдагдсан нөөцүүд, өмнө нь олборлосныг нь ч тодорхой болголоо.
Одоо эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар орох юм. Өмнө нь тонн орчим алтны алдагдал байсан. Одоо маркшедерийн хэмжилт хийсний дараа 500-600 килограмм алтыг ашиглах боломжгүй болгосон байна. Үүн дээр «Бороо Гоулд» компанид акт тавигдах байх.
-«Бороо Гоулд» усны төлбөрийг төлөх хэлбэрт өөрчлөлт орсон уу?
-Тогтвортой байдлын гэрээгээр бол зургаан төгрөгөөр ус хэрэглэхээр заасан байдаг. Гэхдээ ярьж ойлгуулаад нэг шоо метр ус ашиглалтын төлбөрөө 100 төгрөгөөр өгдөг байсан бол 2009 оны 12 дугаар сараас хойш 150 төгрөгөөр төлдөг болсон.
-Ажлын хэсгийн өмнөх хуралдаанаар тус компани хууль бусаар нуруулдан уусгалтын технологи ашиглаад алт олборлочихсон асуудал сөхөгдөж байсан?
-Нуруулдан уусгалт бол үндсэн ордыг ашиглах бас нэг том технологи. Энэ технологийг Монголд нутагшуулахдаа тус компани ашиглалтын өмнөх гэрээг Эрдэс, баялгийн мэргэжлийн зөвлөл, Ашигт малтмалын газартай байгуулж, зөвшөөрөл авч үйлдвэр байгуулсан байна. Үйлдвэрээ туршилтын журмаар явуулаад 1.2 тонн алт олборлосон. Энэ олборлосон алтаа тушаагаад Сангийн яамтай тооцоо хийсэн юм билээ.
Хамгийн гол нь агуулга багатай хаягдал болж байсан алтыг ашиглах зорилгоор үүнийг хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Монголд ашиглаж болох юм гээд үйлдвэрлэлд нэвтрүүлэх асуудлаа ЭБЭХЯ-нд тавьчихсан байгаа юм байна. Одоо Д.Зоригт сайд шийдвэр гаргах л үлдсэн.
-Нуруулдан уусгах технологи байгаль орчинд асар их хортой юм биш үү?
-Хортой байж магадгүй гээд бүх технологиос нь дээж авч шинжилсэн. МХЕГ-ын том бүрэлдэхүүн тэнд орсон. Ноцтой, болохоо байчихсан гэдэг зүйл гараагүй. Гэхдээ энд ажлын хэсэг «Бороо Гоулд»аас авах туршлага сургамж юу байгаад анхаарлаа хандуулсан. Хамгийн гол нь «Бороо Гоулд» бол Монгол Улсад анх удаа ашиглаж дуусч байгаа үндсэн орд. Энэ ордыг ирэх долдугаар сард ашиглаад дуусна. 40 тонн алттай энэ ордыг ашиглахад юун дээр алдав гэдгээ тодорхой болгож байгаа маань их чухал. Гэтэл бид 1800 тонн алттай Оюутолгойг эхлэх гэж байгаа шүү дээ.
-«Бороо Гоулд»-ыг хянах ажлын хэсэг Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө яг ийм зорилгоор байгуулагдсан. Ингэхэд Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнө ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж болоогүй юм уу?
-Болоогүй. Хугацаа орж байгаагийн учир нь хаягдлын далан, цианит цэвэрлэх дээжүүдийг авч олон улсын лабораториудад явуулсан. Тэр нь их удаж байж ирлээ. Мөн нөөц ашиглалтын хэмжилтүүд хийгдсэн. Энэ ажилд «Эрс шинэчлэл» хөдөлгөөнийхнийг оролцуулж хяналт тавиулсан. Тэгэхдээ одоо ч энэ сургамж болж чадна. Оюутолгойн гэрээ бол ашиглалтын гэрээ. Гэрээг хэрхэн ашиглах, хяналт тавих асуудлыг Засгийн газар тодорхой болгоод шинэ дүрэм журам боловсруулаад явах боломж байгаа.
-Тэгвэл сургамж нь юу вэ?
-Ганц санаа зовж байгаа зүйл бол өнөөгийн шаардлагад нийцсэн дүрэм журам манайд алга. Ашигт малтмалын тухай хууль маань лиценз олгоход зориулагдсан хууль болохоос биш, уул уурхайг нөхөн сэргээх, хаах, нээх талаар зохицуулалтгүй юм. Ашигт малтмалын талаар төрөөс баримтлах бодлого боловсронгуй биш байгаа нь харагдаж байна. Үндсэн ордыг ашиглах, нээх, хаах, нөхөн сэргээх зэргийг зохицуулсан стандарт байдаггүй юм байна. Хяналт тавих мэргэжлийн боловсон хүчин байхгүй юм. Энэ бол хамгийн ноцтой асуудал. «Бороо Гоулд»ын цогцолборыг хянах мэргэжлийн боловсон хүчин байхгүй. Одоо Оюутолгойг хянах боловсон хүчин алга байна. 1800 тонн алттай, асар их зэсийн нөөцтэй энэ том ордыг хянах мэргэжлийн боловсон хүчин байхгүй гэдэг бол маш аюултай зүйл юм. Тийм учраас бид Засгийн газарт чиглэл өгч байна. Байнгын хорооноос тогтоол гаргана.
-Засгийн газарт ямар чиглэл өгч байгаа юм бэ?
-Нэгдүгээрт, геологи, уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлогыг нэн яаралтай өнөөгийн жишиг стандартад нийцүүлэн боловсруулах шаардлагатай. Ингэхгүй бол  маш аюултай нөхцөл үүсчихсэн байна. Өнөөдөр манайд үндсэн орд дээр химийн хорт бодисыг хэрхэн ашиглах талаар ямар ч дүрэм журам байхгүй юм. Хоёрдугаарт, нуруулдан уусгалтын технологийг хэрхэх талаар шийдвэр, дүгнэлтээ ойрын хугацаанд Засгийн газар гаргах хэрэгтэй гэсэн чиглэл өгсөн. Нуруулдан уусгалтын үйлдвэр нь ороод ирчихсэн байна. Үүнийг ашиглах юм уу, үгүй юм уу гэдгээ тодорхой болгож, Засгийн газар нь хөрөнгө оруулагчдад ойлгомжтой байх ёстой. Гуравдугаарт, ашигт малтмалын орд газарт техник, эдийн засгийн үндэслэл хийхдээ экологийн хохирлыг тогтоох ёстой. Экологид ямар хэмжээний хохирол учруулах нь огт тодорхойгүй байдаг юм байна.

Мөн геологийн салбарын ажилтнуудын цалинг ялгавартай авч үзэж, монгол хүний үнэлэмжийг дээшлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Гадны, тэр дундаа Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд монгол ажилчдын цалинг 108 мянга болгочихоод, бусдыг нь өөр тооцоогоор яваад байна. Тийм учраас энэ салбарт ялгавартай хандах хэрэгтэй гэж үзэж байгаа.
Түүнчлэн технологийн бодлогоо яаралтай тодорхой болгож гаргахгүй бол Монгол Улс хогийн сав болчихсон. байна. Жонш, нүүрс зэргийг ашиглахад ямар технологи ашиглах вэ гэдгийг тогтсон стандарттай болгох нь хамгийн ойрын ажил байх учиртай. Үүнээс гадна«Бороо Гоулд»компанитай холбоотой лиценз давхардсан асуудлыг нэг мөр цэгцлэх, нуруулдан уусгалтын 1200 тонн алтыг хуулийн хүрээнд авч үзэх чиглэл өгч байгаа.
Мөнхжаргалын Уранчимэг
2010 оны 3-р сарын 15, Даваа гариг
Өглөөний сонин

No comments:

Post a Comment